Монгол залуусын зохион бүтээсэн Ромтэн системийг Японы Family Mart ашиглаж эхэллээ

Япон дахь Монгол залуусын байгуулсан Tab Solution компанийн зохион бүтээсэн Romuten системийг Японы хамгийн том сүлжээ /комбини/ дэлгүүрүүдийн нэг болох Family Mart албан ёсоор нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ.

Tab Solution компанийг Япон улсад сурч төгссөн залуус нэгдэн 2017 онд байгуулсан бөгөөд гадаад иргэдийн ажил хөдөлмөрийн зуучлал болон програм хангамж хөгжүүлэлт зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг Start-Up комнани юм.

Тус компанийн зохион бүтээсэн Romuten үйлчилгээ нь гадаад ажилчидын бичиг баримт болон ажилын цагийг хянадаг систем юм. Тухайлбал гадаад иргэд оршин суух үнэмлэхээ тус application-д уншуулахад дотор суурилагсдан IC чипээс тухайн хүний нэр, төрсөн өдөр, гэрийн хаяг, визний ангилал зэрэг хувийн мэдээллийг унших боломжтой бөгөөд энэ нь хуурамч үнэмлэх таних, оршин суух үнэмлэхний хугацаа дуусах дөхөж байгааг мэдэгдэх болон хууль бус хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлэх зэрэг томоохон ач холбогдолтой ажээ.

Мөн 7 хоногт хэдэн цаг ажиллаж болох зэрэг мэдээллийг автоматаар дүгнэн ажилд бүртгүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх юм байна. Уг системийг ашигласнаар энгийн үед ажилд бүртгэх, гаргах зэрэгт шаардагддаг ажлын цагийг 10 дахин багасгаж ажлын ачааллыг бууруулах давуу талтай юм.

Япон улсад комбини дэлгүүрүүд ажиллах хүчний хомсдолд орж гадаад хүмүүс ажиллуулах нь ихэссэнтэй холбоотойгоор Family Mart нь тус системийг 5 сарын 17-ноос эхлэн албан ёсоор сүлжээндээ нэвтрүүлсэн байна.


Дашрамд дурдахад Startup World Cup хэмээх дэлхийн хамгийн том технологийн гарааны бизнес шалгаруулах тэмцээнийг энэ жил Монголд анх удаа зохион байгуулсан бөгөөд Tab Solution компани эхний 10-т багтaж, мөн Startup World Cup Mongolia бүсийн тэмцээнд 2-р байрт жагссан байна.