Японы цахилгаан барааны Балмуда брэнд Ухаалаг утас үйлдвэрлэнэ

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч компаниудын томоохон төлөөллүүдийн нэг болох Балмуда брэнд Шинэ ухаалаг утас үйлдвэрлэхээр болсон тухайгаа 5-р сарын 13-нд албан ёсоор зарлалаа. Энэ нь дотоодын зах зээл дахь гар утас үйлдвэрлэгчдэд томоохон өрсөлдөөнийг бий болгоно хэмээн харж байна.

Балмуда брэндийн захирал Тэрао Гэн хэлэхдээ одоогоор Японы гар утас худалдааны зах зээлд сонголт маш бага байгаа хэмээн хэллээ. Мөн ухаалаг гар утасны хэрэглээ буурна гэхээсээ илүүтэйгээр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа учраас энэхүү зах зээлд шинэ сонголт бий болгох хэрэгтэй хэмээгээд үүнийг Балмуда компани ч томоохон боломж хэмээн харж байгаа гэдгийг онцоллоо. Балмуда компанийн хамгийн анхны бүтээгдэхүүн нь аффли брэндийн нөүтбүүкийг доороос нь хөргөөх тавиур байсан бол одоо гэрлийн чийдэн, сэнс, талх шарагч, тоос соруулагч зэрэг бүтээгдэхүүнээрээ Японы зах зээлд танигдаад байгаа юм.

Нөүтбүүк хөргөөгч суурьнаас илүү гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэл байсан хэдийч тэр бүр боломж олдохгүй байсаар өдийг хүрчээ. Шинэ ухаалаг гар утас гаргаснаар топ компани болох гэхээсээ илүүтэй бусад компаниас шинэлэг бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэж байгаа юм байна. Тухайлбал загвар үзэмж дээр анхаарч ажиллахаас гадна ухаалаг утас нь цахилгаан бараатай шууд холбогдож болох аппликейшнтайгаараа онцлог болох юм. Үнэ хувьд хямд гэсэн байдлаар хэрэглэгчдийг татахгүй, төлбөр төлөөд ч гэсэн хэрэглэх хүсэлтэй хүмүүсийг хэрэглэгчээ болгохыг зорьж байна. Бүтээгдэхүүний нэрийг энэ удаад зарлахгүй, цаашид софтбанк болон кёосэра компанитай хамтарч ажиллана гэдэгээ мэдэгдлээ.

Мөн Софтбанк компанитай хамтран ажиллах тал дээр 2 тал санал нийлж хоорондоо гэрээ хийхээр болжээ. Мөн тэрээр Кёосэра компаний тухайд хэрэглэгчидийн итгэлийг алдаагүй, найдвартай. Бидэнд суралцах зүйл их бий хэмээн хэллээ. Бусад цахилгаан барааны компанитай хамтран ажиллах төлөвлөгөө одоогоор байхгүй, гадаад худалдааны тал дээр софтбанктай хамтарч онлайнаар худалдаалах бодолтой байна гэлээ.

Гадаад орнуудад Балмуда компани нь цахилгаан барааны бүтээгдэхүүнээрээ нилээд нэр хүндтэй тул энэ удаад шинээр гаргах бүтээгдэхүүн ч мөн хэрэглэгчийн итгэлийг алдахгүй гэж найдаж байгаагаа Балмуда брэндийн захирал Тэрао Гэн хэллээ.